Tuesday, January 24, 2017

Санхүү бүртгэл

Лекц 1
Мөнгөн хөрөнгийн бүртгэл, мөнгөний
цаг хугацааны үнэ цэнэ
1.      Мөнгөн хөрөнгө түүний бүрэлдэхүүн
2.      Жижиг мөнгөн сангийн бүртгэл
3.      Банкны үлдэгдэлийн тохируулга
4.      Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ

1. Мөнгөн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн
Мөнгө гэдэг нь хамгийн сайн хөрвөх чадвартай хөрөнгө. Мөнгөн хөрөнгөнд бэлэн мөнгө, мөнгөтэй адилтгах хөрөнгө хамаарна.
Бэлэн мөнгө нь кассанд болон харилцах дансанд байгаа мөнгө, хугацаагүй хадгаламжаас бүрдэнэ.
Мөнгөтэй адилтгах хөрөнгө гэдэг нь үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдэлийг мэдэрдэг, мөнгөнд шууд хөрвөх нэгээс гурван сарын хугацаатай хөрөнгө оруулалт юм. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг анх нягтлан бодох бүртгэлд нэрлэсэн үнээр, нэрлэсэн үнээр нь  хүлээн зөвшөөрөх боломжгүй бол өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Мөнгөтэй холбогдох дараах ойлголтууд байдаг.
1.       Хязгаарласан мөнгө
2.       Банкны овердрафт
Хязгаарласан мөнгө
Энэ нь юунд зарцуулах нь тодорхой, өөрөөр хэлбэл зөвхөн тухайн зориулалтаар ашиглах мөнгө. Мөнгөн хөрөнгийг цалин тавьж олгох, зээл төлөх, ногдол ашиг олгох, үйлдвэрлэлээ өргөтгөх гэх мэт зориулалтаар хязгаарлаж болдог. 1-3 сарын хугацаатай хязгаарласан мөнгийг мөнгөн хөрөнгөнд, 3 сараас нэг жилийн хугацаатай хязгаарласан мөнгийг богино хугацаатай хөрөнгө оруулалт, нэг жилээс дээш хугацаатай хязгаарласан мөнгийг эргэлтийн бус хөрөнгийн урт хугацаатай хөрөнгө оруулалт эсвэл бусад хөрөнгөнд хамааруулна.
Банкны овердрафт
Банк томоохон үйлчлүүлэгчдээ урамшуулахын тулд үйлчлүүлэгчийн харилцах дансны үлдэгдэл төлбөр тооцоо хийхэд хүрэлцэхгүй тохиолдолд өмнөөс нь мөнгө төлж болдог. Компанийн өмнөөс банкны төлсөн мөнгө нь компанийн хувьд “Банкны овердрафт” гэсэн богино хугацаат өр төлбөр болно. Банкны овердрафт хүүтэй эсвэл хүүгүй байж болно.
2. Жижиг мөнгөн сангийн бүртгэл
Бараг бүх компани ажилчдын хоол унааны зардал, конторын хангамжийн зүйлс гэх мэт олон тооны зүйлсэд бага хэмжээний мөнгө төлөх шаардлагатай байдаг. Ийм үнийн дүн багатай жижиг төлбөрт тэр болгон чек бичих нь цаг хугацаа, зардал их гарна. Иймд компаниуд бага хэмжээний төлбөрт зориулан гар дээр бэлэн мөнгө байлгадаг. Энэ мөнгийг жижиг мөнгөн сан гэнэ.
Жижиг мөнгөн сан нь касснаас ялгаатай. Жижиг мөнгөн санг зөвхөн үнийн дүн багатай, жижиг зардлуудыг төлөхөд зарцуулна. Жижиг мөнгөн сангийн мөнгийг 7 хоног, 14 хоног, 21 хоног гэх мэт тодорхой хугацаанд зарцуулахаар бодож бэлэн байлгадаг. Хэрэв долоо хоногоор зарцуулах мөнгийг төсөвлөж бэлэн байлгана гэвэл долоо хоногийн эцэст тухайн 7 хоногт зарцуулсан бэлэн мөнгөний тооцоог хийж, дараагийн долоо хоногт зарцуулах мөнгийг бэлэн байлгана гэсэн үг. Үүнийг жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх гэнэ. Жижиг мөнгөн сангийн зарлагыг уг санг нөхөн дүүргэх өдөр бүртгэнэ. Энэ өдөр холбогдох зардлын дансны Дт-д мөнгөн хөрөнгө дансны Кт-ээс бичилт хийнэ. Жижиг мөнгөн сангийн хэмжээг өөрчлөх тохиолдолд Дт-лэх (нэмэгдүүлэх) ба Кт-лэнэ (бууруулах).
Жишээ:
1.       Компани 1-р сарын 5-нд 500,000-өөр жижиг мөнгөн санг байгуулсан.
Дт Жижиг мөнгөн сан 500,000
Кт Касс/Харилцах                          500,000
2.       Сарын бүрийн 20-нд жижиг мөнгөн санг нөхөн дүүргэнэ. 1-р сард жижиг мөнгөн сангаас дараах зардлууд гарна.
Ажилчдын хоол унааны зардал   100,000
Бичиг хэрэгслийн зардал                 20,000
Бензин шатахууны зардал             150,000
Шуудангийн зардал ба бусад       130,000
1-р сарын 20-нд мөнгөн зарлагын баримтыг үндэслэн дараах журналын бичилтийг хийнэ:
Дт Ажилчдын хоол унааны зардал   100,000
Дт Бичиг хэрэгслийн зардал                 20,000
Дт Бензин шатахууны зардал             150,000
Дт Шуудангийн зардал ба бусад       130,000
                         Кт Касс/Харилцах                                           400,000
3.       1-р сарын 30-нд жижиг мөнгөн сангийн хэмжээг нэмэгдүүлж 600,000 болгохоор шийдсэн гэвэл:
Дт Жижиг мөнгөн сан                           100,000
           Кт Касс/Харилцах                                           100,000
4.       Жижиг мөнгөн сангийн нярав анхааралгүй байснаас болж (хариулт мөнгийг зөв өгөөгүй, хулгайд алдах, илүү төлбөр хийх) мөнгөний үлдэгдэл байвал зохих баримтаар нотлогдсон үлдэгдлээс зөрж болдог. Тооллогоор мөнгө илүүдэх, дутагдах үед “Мөнгөний илүүдэл ба дутагдал” дансанд бүртгэнэ. Мөнгө дутагдвал энэ дансны Дт-д, илүүдвэл Кт-д бүртгэнэ.
a.       1-р сарын 20-нд Жижиг мөнгөн санг тоолоход уг сангийн мөнгө 50,000-өөр дутсан.
Дт Мөнгөний илүүдэл ба дутагдал     50,000
               Кт Касс/Харилцах                                           50,000
b.       1-р сарын 20-нд Жижиг мөнгөн санг тоолоход уг сангийн мөнгө 100,000-өөр илүүдсэн.
Дт Касс/Харилцах                                  100,000
                Кт Мөнгөний илүүдэл ба дутагдал              100,000
Тайлант хугацааны эцэс хүртэл мөнгө илүүдсэн, дутагдсан шалтгааныг нь тодруулан “Мөнгөний илүүдэл ба дутагдал” дансыг холбогдох дансанд (бусад орлого, бусад зардал эсвэл няраваас авах авлага) хааж өгнө.
3. Банкны үлдэгдлийн тохируулга
Банкны тохируулга гэдэг нь компанийн нягтлангийн харилцах дансны бүртгэл ба компанийн харилцахад байгаа мөнгөнд хамараах банкны бүртгэлийг тохируулахыг хэлнэ.
Компанийн харилцахад байгаа мөнгөний тайланг банкны нягтлан гаргасныг харилцахын хуулга гэж нэрлэнэ. Хэрэв ямар нэгэн алдаа орхигдол гараагүй, бүх дансанд орсон мөнгө (хадгаламж), данснаас гарсан мөнгө (чек) нь банкны тайлан ба компанийн мөнгөн хөрөнгийн журналд тусгагдсан бол банкны тайлан дахь мөнгөний үлдэгдэл нь компанийн НББ дэх мөнгөний үлдэгдэлтэй тэнцүү байна. Компанийн бүртгэл дэх буюу мөнгөн хөрөнгийн дансны ерөнхий дэвтрийн үлдэгдэл болон банкны тайлан дах мөнгөн хөрөнгийн үлдэгдэл дараах тохиолдолд зөрдөг:
1.       Бүртгэлд тусгагдсан зүйл банкны тайланд тусгагдаагүй байх
2.       Банкны тайланд тусгагдсан зүйл бүртгэлд тусгагдаагүй байх
Бүртгэлд тусгагдсан боловч банкны тайланд тусгагдаагүй зүйл нь:
1.       Замд яваа хадгаламж
2.       Төлбөр хийгдээгүй чек
3.       Алдаа
Банкны тайланд тусгагдсан боловч бүртгэлд тусгагдаагүй зүйл:
1.       Банкны үйлчилгээний хөлс
2.       Хүү ба авлагын цуглуулалт
3.       Хүрэлцээгүй сантай чек
4.       Алдаа
1. Замд яваа хадгаламж
Компанийн бүртгэлд тусгагдсан боловч тухайн сард банкинд орж ирээгүй мөнгөн орлого. Жишээ: компани өөр банкаар дамжуулан сарын эцсийн өдөр харилцах дансандаа шилжүүлсэн мөнгө нь дараа сарын эхэнд дансанд орж ирж болно. Учир нь банк хоорондын гүйлгээг төв банкаар дамжуулан хийнэ. Замд яваа хадгаламжийг банкны үлдэгдэл дээр нэмж тохируулна.
2. Төлбөр хийгдээгүй чек (гар дээр байгаа чек) буюу төлбөр хийгдээгүй даалгавар
Байгууллага төлбөрийн даалгавар бичээд мөнгө зарцуулсан талаар мөнгөн зарлагын журналд бүртгэсэн боловч банкны нягтлан төлбөрийг данснаас шилжүүлээгүй байж болно. Нэгэнт компани төлбөрийн даалгавар бичсэн бол банк данснаас мөнгө гаргах үүрэгтэй. Төлбөр хийгдээгүй чекийг банкны үлдэгдлээс хасч тохируулна.
3. Банкны үйлчилгээний шимтгэл
Банк үйлчилгээ үзүүлсний төлбөрийг компанид мэдэгдэлгүйгээр шууд данснаас нь суутгадаг. Иймд компани энэ төлбөрийг харилцахын хуулга иртэл мөнгөний зарлагын журналдаа бүртгээгүй байж болно. Банкны үйлчилгээний хөлсийг бүртгэлийн үлдэгдлээс хасна.
4. Банкны кредит
Дансанд мөнгө орсныг компанийн нягтлан харилцахын хуулга хүлээн авах хүртэл мэдээгүй байж болно. Банкны цуглуулсан мөнгийг бүртгэлийн үлдэгдэл дээр нэмж тохируулна.
5. Хүрэлцээгүй сантай чек
Компани харилцагч байгууллагаас мөнгө шилжүүлсэн тухай баримт хүлээн авч мөнгөн орлогын журналд бүртгэсэн боловч харилцахын хуулга ирсэн үед уг мөнгө нь дансанд орж ирээгүй, эсвэл дутуу орж ирсэн байж болно. Хүрэлцээгүй сантай чекийг бүртгэлийн үлдэгдлээс хасч тохируулах ба авлагаар бүртгэнэ.
6. Алдаа
Компанийн нягтлан эсвэл банкны нягтлангийн гаргасан санаатай болон санамсаргүй алдаа. Алдаа гаргасан тал нь алдаагаа залруулах тохируулга хийнэ.
Компани мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг зөв гаргах, банкны ба бүртгэлийн үлдэгдлийн хоорондын зөрүүг арилгахын тулд банкны тохируулгын тайланг бэлтгэнэ. Банкны тохируулгын тайланг бэлтгэсний дараа мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг зөв болгохын тулд холбогдох журналын бичилтийг бэлтгэнэ. Харилцахад байгаа мөнгөний эхний үлдэгдлийг тохируулсан үед эцсийн үлдэгдлийг тохируулах банкны тохируулгын тайлангийн хэлбэр, агуулга дараах байдалтай байна:
Банкны тохируулгын тайлангийн хэлбэр, агуулга

Банкны тайлангийн тохируулаагүй үлдэгдэл

хххх
Нэмэх нь:




Замд яваа хадгаламж
ххх


Мөнгөний үлдэгдлийг дутуу илэрхийлсэн банкны алдаа
ххх
хххх
Хасах нь:




Төлбөр хийгдээгүй чек
ххх


Мөнгөний үлдэгдлийг илүү илэрхийлсэн банкны алдаа
ххх
хххх

Мөнгөний зөв үлдэгдэл

хххх

НББ-ийн тохируулаагүй үлдэгдэл

хххх
Нэмэх нь:




Банкны кредит
ххх


Мөнгөний үлдэгдлийг дутуу илэрхийлсэн бүртгэлийн алдаа
ххх
хххх
Хасах нь:




Хүрэлцээгүй сантай чек
ххх


Банкны үйлчилгээний шимтгэл
ххх


Мөнгөний үлдэгдлийг илүү илэрхийлсэн бүртгэлийн алдаа
ххх
хххх

Мөнгөний зөв үлдэгдэл

хххх